“Эрдэнэт үйлдвэр”-т онц байдал тогтоосон үед З.Мэндсайхан автомашин авчээ

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2020 Оны 3 Сарын 25

-Сонгуулийн бэлтгэлээ базааж Ховд аймагт 5 автомашин илгээжээ-

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга З.Мэндсайхан ёстой л бархирсан хэрээ бархирав гэгч болов уу. Эсвэл Ховд аймгийн зарим байгууллага сохорсон биш завшив гээч болов уу.

З.Мэндсайханыг Засгийн газрын 2019 оны аравдугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар ТӨБЗГ-ын даргаар томилсон байдаг. Өмнө нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан түүний хувьд Ховд аймагт нэр дэвшихээр битүүхэндээ санаархаж, бас ч үгүй бэлтгэлээ базааж явсан.

Тиймдээ ч мань хүн өөрийн албан тушаалаа ашиглан, дөнгөж очсон албаныхаа нэрийг барьж, Ховд аймгийн зарим байгууллагад автомашин “бэлэглэжээ”. Тухайлбал, Диспетчерийн үндэсний төв, Прокурорын газар, “Эрдэнэт үйлдвэр” зэрэг байгууллагаас нийт  таван автомашиныг ТӨБЗГ-аас татан авч буцаагаад Ховд аймаг дахь Дөргөний цахилгаан станц, Ховдын цахилгаан түгээх сүлжээ, Монголын цахилгаан холбоо компанийн Ховд салбар, мөн аймгийн Мэдээлэл холбоо сүлжээний газруудад олгосон байгаа юм. Дээрх автомашинуудыг 2019 оны 11 дүгээр сард байгууллага хооронд шилжүүлсэн байдаг.

Мэдээж ТӨБЗГ-ын хувьд төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн өмч хөрөнгийг захиран зарцуулж, зохион байгуулалт хийх эрхтэй. Гэхдээ таван автомашин, тэгээд бүр жийпийг нэг аймагт ингэж олгох хэмжээний БАЯН биш л байлтай. /“Эрдэнэт үйлдвэр”-ээс татсан машин нь л гэхэд 2018 онд үйлдвэрлэгдсэн байдаг./ Үнэхээр Ховд аймагт шаардлагатай байсан бол ядаж Мал эмнэлгийн газар зэрэг хад, асга ихтэй хөдөө хээрээр их явдаг байгууллагууддаа өгч болох л байсан.

Энэ мэтчилэн тэр өөрийгөө нэр дэвшинэ гэх мөрөөдөлдөө автан, сонгуулийн ажилдаа ашиглахаар бэлтгэлээ базаасан. Харамсалтай нь МАН-ын дарга түүнийг энэ удаагийн сонгуульд өнжүүлэхээр болсон учраас мань хүн үүрэгт ажлаа өгөөгүй үлджээ.

Эх сурвалж: Enter.mn