Чингэлтэй дүүрэг өнөөдөр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт түр шилжиж, хөл хорио тогтоолоо

Нийтэлсэн: Ц.Мөнх-Эрдэнэ
2020 Оны 5 Сарын 7

Ковид-19 халдварт цартахалын хариу арга хэмжээний дадлага сургуулийг зохион байгуулах ажлын хүрээнд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт түр шилжүүлэх тухай” А/285 дугаар захирамжийн дагуу  Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд өнөөдөр /2020.05.07/ 08:00-18:00 цагийн хооронд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт түр шилжиж, хөл хорионы дэглэм тогтоолоо. Хөл хориог тодруулбал, Төв шуудан-Баруун дөрвөн зам-Гэсэрийн уулзвар-Эх нялхас-Баянхошууны хөтөл-Халзангийн даваа-Сэлбэ гол дагуу Япон цогцолбор-7 буудал -32-ын тойрог- Баянбүрдийн уулзвар-Хүрд компанийн уулзвар гээд нийтдээ 63.9 км газарт хөл хорио тогтоолоо.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй харилцаа холбоо, эрчим хүч, шатахуун түгээх газар болон стратегийн зориулттайгаас бусад үйлдвэр, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг өнөөдөр 08:00-18:00 цагийн хооронд хязгаарлаж байна. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд хөл хорио тогтоох хугацаанд ажлын цагийн горимдоо зохицуулалт хийж ажиллана уу. Төр засгийн бодлого, шийдвэрийг биелүүлж, гамшгаас хамгаалах талаарх иргэний үүргээ биелүүлэхийг иргэдэд уриалж байна.