ТҮҮНИЙ ТУХАЙ: БИ ӨӨРТӨӨ ГУТАРДАГГҮЙ

ТҮҮНИЙ ТУХАЙ: БИ ӨӨРТӨӨ ГУТАРДАГГҮЙ

Түүнийг Гансүхийн Батжаргал гэдэг. "Монголын ард түмэн намайг бүгд мэднэ" хэмээн ам бардам хэлэх нь ч үнэний ортой. Хүн бүхний зүрхэлж чаддаггүй бодибилдингийн спортод хөл тавиад амьдралынхаа чамгүй хугацааг энэ л спорттой холбож, бүр гурван удаа монголын мистерээр шалгарсан хөдөлмөрч нэгэн.

Амьдрал түүнд хатуу хандсан ч огт гутардаггүй хэмээн гаднаа инээж, дотроо шаналж буй нь илт. Гунигтай атлаа чухам үнэн тэр аж. Гэхдээ бурхан түүнд хорвоо дээрх хамгийн үнэтэй эрдэнийг бэлэглэсэн. Алган дээрээ бөмбөрүүлж, эрдэнэ мэт хайрлах энхрий үр заяаж, амьнаасаа илүү хайрлах эрхэм үүргийг түүнд хүлээлгэжээ. Эгэл жирийн монгол аав.

Хүүгээ ярих төдийд нүүрэнд нь инээмсэглэл тодорч, нүдэнд нь гал цог бадарч эхэлнэ. Анх аав болсон мэдрэмж нь хэзээ ч мартагдаагүйн дээр яг л өчигдөр болсон юм шиг санагддаг аж. Үгээр хэлж, үзгээр бичмээргүй их л сонин мэдрэмж авсан гэдгээ хайр гэрэлтсэн харцаараа илэрхийлэх нь хичнээн мундаг аав бэ гэх битүүхэн бодлыг төрүүлж байснаа нуух юун. Гэхдээ түүнийг өрөвдүүлэх гэсэндээ энэхүү хөргийг бичсэнгүй харин бахархуулах, бахдуулах гэсэндээ Г.Батжаргалын тухай үгээр сийрүүлэн сууна.

"Аав хүний зорилго, амьдралын утга учир нь тэр чигтээ гэр бүл болчихдог юм байна" хэмээх түүний энэ үг хүүгээ хэнээс ч дор оруулахгүйн тулд хилийн дээс алхах ёстой гэсэн жанжин шугамыг бий болгожээ.

Түүний хүү одоо хоёр настай. Хүүгээ хүний дор оруулахгүйн тулд АНУ-ыг зорьж, эхнэр хүүхэдтэйгээ тэнд суурьшин амьдрах нь Г.Батжаргалын хэтийн зорилго гэнэ. Боломж л олдвол, чадах л юм бол АНУ руу гарна, хүүгээ сайн хүн болгон төлөвшүүлээд ирээдүйд гурван орны хэлтэй мундаг хүн болгохын тулд өнөөдрөөс хичээнэ гэдгээ ч илэрхийлж байлаа. Дэлхийн бүхий л аавуудын хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл тийм байдаг биз. Магадгүй үүнийг уншиж буй таны аав ч бас ийм мөрөөдөлтэй байх.

Гэвч манай улс хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ төдийлөн хүрч чаддагүйн дээр ажлын байр хомс байдаг байна. Г.Батжаргалын хувьд өдгөө фитнесийн багш хийдэг бөгөөд нэг шавьтай гэнэ. Цаашид олон шавьтай болбол энэ хэцүү нийгэмд амьдрахад нь тус дэм болох тухайгаа ч хэлж байлаа.

Хоромхон зуурт ярилцаад суухад баяр жаргал, зовлон гунигаа нуулгүй ярьж, монголын ард түмэндээ ч талархаж явдгаа илэрхийлснийг энд цохон тэмдгэлэх нь зүйтэй байх. Энэхүү бяцхан тэмдэглэлд Г.Батжаргалтай ярилцсан багахан хэсгийг буулган үлдээв. Үлдсэн хэсгийг "ТҮҮНИЙ ТУХАЙ" нэвтрүүлгээс үргэлжлүүлэн үзэхийг хүсч байна.

Нэвтрүүлэг үзэх: